2009-02-23
Мэдээд хэрэггүй мэдлэг
Хэд хоногийн өмнө Германы нэгэн Профессорын бичсэн " Мэдлэг- Bildung" хэмээх номыг уншлаа.
Хэдийгээр их философ, сурган хүмүүжлийн холбогдолтой залхуутай гэмээр гарчигтай боловч Dietrich Schwanitz жоохон ёжтой бас сонирхолтой бичдэгээрээ ялангуяа оютнуудын дунд их нэртэй зохиолч юм.
Эхний 400-д хуудас нь хүний заавал мэдэх ёстой гэсэн, Түүх, Уран зохиол, Урлаг гэх мэт салбаруудаас гол гол гэсэн зүйлийг багц, маш сонирхолтой бичсэн байсан. Ямар ч гэсэн хурдан унтах гэж орондоо уншдаг номны нэг бол яав ч биш.
Номынхоо сүүлд хүн юyг мэдэх ёсгүй вэ гэсэн сэдвээр Essay бичсэн байсан. Тэрээр ""Мэдлэг хэмээх улсад анх" цагаачилж" ирж байгаа хүмүүс энэ улсын ёс заншилийг сайтар мэддэг байх ёстой бөгөөд Би юу мэдээд хэрэггүй вэ? гэдгээ мэддэг хүн мэдлэгтэйд тооцогдоно гэжээ.
Мэдлэг гэж юу юм бэ? Хүний мэдэж байгаа юм болгон мэдлэгт орох уу? Хүн юу ч хамаагүй ихийг л мэдэж байвал их мэдлэгтэй гэсэн үг үү?
Үүнээс та нартай хуваалцъя гэж бодлоо.
Мэдээд хэрэггүй мэдлэг
1. Олонд нэртэй хүмүүсийн талаар мэдэж байна гэдэг бол 2 учир утгатай. Түүхт хүмүүсийн амьдрал, намтрыг мэднэ гэдэг бол өөр хэрэг.
Харин шар сонин дээрээс юмуу олны хов живээс ямар нэгэн дуучин, жужигчин, улс төрчийн хэн нь хэнтэй сууж, салж, хаана юу хийж явааг сонсож мэдсэнээ бусдад гайхуулаад яриад байх хэрэггүй бөгөөд мэдээд байх ч хэрэггүй юм.
Учир нь та үүгээрээ шар сонин уншиж, ТВ-р элдэв хов живийн нэвтрүүлэг үзэж, тантай уулздаг хүмүүстэй мөн иймэрхүү сэдвээр яриа өрнүүлдэг гэдгээ харуулах бөгөөд таныг хэн ч мэдлэгтэй хүн байна шүү гэж бодохгүй.
2. Дээрхээс долоон дор мэдлэг бол зарим нэг ТВ-н нэвтрүүлэг юм.
Элдэв реалити шоү, өдөр бүр гардаг уйлж хайлсан савангийн дуурь гэх мэт нэвтрүүлгийг үздэгээрээ та телевизийн өмнө цагийг нөхцөөж залхуурч суудагаа харуулах бөгөөд түүний оронд түүхийн болоод танин мэдэхүйн нэвтрүүлэг үзсэнээ бусдад ярьвал өөрийн болоод бусдын мэдлэгт нэмэр болж байна гэсэн үг.
3. Шар сониний мэдээ, мэдээлэл. Яагаад?? 1.-г унш. Тэгээд тайлбарлалтгүй.
4. Хамгийн гол зүйл бол өөрийнхөө мэдэж байгаагаар хэт онгирох, бусдын мэдлэгийн цоорхойг ашиглан бусдыг эвгүй байдалд оруулах бол өөрийнхөө мэдлэггүйг харуулж байгаа юм.
Мэдлэгтэй хүн гэдэг бол харилцааны нарийн ёс журмыг мэддэг, чаддаг байх ёстой.
Мэдээд хэрэггүй мэдлэг гэхдээ цаг хугацаатай хамт өөрчлөгдөж байдаг.
18-р зуунд анх Роман гарч эхлэхэд байхад зөвхөн эмэгтэйчүүд уншдаг байсан бөгөөд боловсролтой гэсэн эрчүүд романыг үл тоомсорлосон, уншсан ч түүнийгээ бусдаас нуудаг байсан байна.
Мөн 1960-д онд кинонд явахыг боловсролтой хэмээх хүмүүс өөрсдийн зиндаанд таарахгүй гэж үздэг байсан болохоор тэдэнд зориулж кино заалыг театр мэт засаж чимэглэглэдэг байж.
Тийм болохоор хүн зөвшөөрөгдсөн болоод зөвшөөрөгдөж эхэлсэн эсвэл хориотой ( мэдээд хэрэггүй ) мэдлэгийг сайтар ялгаж тунгааж чаддаг байх ёстой гэжээ.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 1410 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
2009-07-24 -